“Суруга Монгол”-ын захирал Хара Цүнеаки Монголд ирвэл юу болох вэ?
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хөрөнгө оруулагчдыг үргээж, хэрэг тохон барьцаалж, хөрөнгийг нь хувааж завшсан асуудлыг цэгцэлж буйгаа мэдээлсэн.
Ерөнхий сайдын захирамжаар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулжээ. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ингээд мөнгө угаасан, хохирол ихтэй залилж мэхэлсэн гэх үндэслэлээр гадаадын хоёр, монголын хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна. Хоёр иргэнийг интерполын улаан буланд, хоёр иргэнийг хөх буланд зарлан, эрэн сурвалжилж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсад хөрөнгө оруулаад эцэст нь хөрөнгөө алдаж Монголоос явсан “Суруга Монгол”-ын хэргийн талаар дараах байр суурь илэрхийллээ.
Тэрээр “Japan town”-ийн газрыг манай улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан нийлж байгаад дээрэмдсэн. Одоо энэ хэрэг шалгагдаад явж байна. Хохирогчийг нь ирүүлж, хохирогчоор асуух гээд хөөцөлдөж байна. 70 гаруй настай Японы Токиод үйл ажиллагаа явуулдаг “Суруга” гэдэг барилгын том компанийн эзнийг Монголд авчирч, хөрөнгө оруулалт хийлгэсэн.
Хөрөнгө оруулалтыг нь авч газраа худалдчихаад буцаагаад зочид буудалд нь өвс тавьж “Хар тамхины хэргээр шалгана” гэж айлган гаргаж явуулсан байдаг. Ингэж явуулаад хуваагаад авчихсан. Хэрэг шалгагдаж байгаа учраас одоо нэр усыг нь хэлмээргүй байна. Прокурорт байсан, Тагнуулын байгууллагыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын институтэд ажиллаж байсан, УИХ-ын институтэд ажиллаж байсан хүмүүс бүгд л хувааж авсан” гэлээ.
Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үнэхээр Японоос Суруга Монгол-ын захирал Хара Цүнеакиг Монголд авчирч чадвал энэ хэрэг томоохон дуулиан дэгдээх нь ойлгомжтой. Түүнийг зохиомол хэрэгт унагаж, Монголоос зугтахаас аргагүйд хүргэсэн улстөрчдийн асуудал хурцаар сөхөгдөнө.
ЭРГЭН САНУУЛАХАД:
“Суруга Монгол” ХХК-ийн 433.2 га газрыг хэрхэн ШИЛЖҮҮЛЭН АВСАН тухай эргэн сануулъя.
- Япон улсын хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” ХХК нь Улаанбаатарт хотод барилга, орон сууцны томоохон төслүүд хэрэгжүүлж, үүнд зориулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 900 га газрыг эзэмшиж байв.
- 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрөл үндэслэлгүйгээр цуцлагдсан. Тухайн үед А.Гансүх ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байв.
- Улмаар “Суруга Монгол” ХХК-ийн захирал Хара Цүнеаки хар тамхины хэрэгт холбогдож, тус компанийн эзэмшлийн газар бусдад шилжиж, удалгүй хэрэг хаагдсан.
- Хар тамхины асуудлыг “Суруга Монгол” ХХК-д 2007-2012 онд ажиллаж байсан Т.Гочоосүрэн, “Монгол корпорейшн” ХХК-д 2008-2010 онд ажиллаж байсан Ц.Билгүүн нар захиалагчийн дагуу гүйцэтгэсэн байж болзошгүй.
- “Суруга Монгол” ХХК-ийн 37 га газрыг“Монгол корпорейшн” ХХК-д барилгын зөвшөөрлийг сэргээлгэхийн тулд өгсөн. 2015 онд барилга барих эрхийг сэргээсэн. Тэр үед А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байжээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Энэ хүмүүсийг буцаагаад өөрсдийг нь баривчлаад хориод өмчийг нь улс авч цэцэрлэг, сургууль болгоё оо 👍 ард түмэн баярлана даа 👍