Э.Болормаа: Ховд аймагт архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцаллаа
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаанаар Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжиж Монгол улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй Засаг даргатай болсон билээ. Шинэхэн Засаг дарга ажлаа хүлээж авснаас хойш ажлаа шуурхайлан хийж байгаа бололтой. Өчигдөр өөрийн цахим хуудас дээрээ Ховд аймагт архи худалдаалахыг хориглосон захирамжыг цуцалсанаа мэдэгджээ.
Тэрээр, “Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн Баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Энэ нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш. Тийм учраас архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцаллаа.
Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш ээ.
Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэжээ.