Хатан хааны оршуулгад оролцох гадаадын төрийн тэргүүнүүд хамтдаа автобусаар зорчино
Есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотын Уэстминстер Аббейд болох хатан хааны төрийн оршуулгын ёслолд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцох гэж байна. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гэргийн хамт оролцохоо мэдэгдээд байна.
Тэгвэл Их Британийн засгийн газраас Лондонд хүрэлцэн ирэх гадаадын хүндтэй зочдод тусгай хамгаалалттай автобусаар үйлчлэх болсныг мэдэгджээ. Оршуулгын ёслолд зөвхөн төрийн тэргүүн гэр бүлийн хүнийхээ хамт ирэх, өөр хүн дагуулж ирэхгүй байх шаардлага тавьсан байна.
Энэ нь хуучны барилга байгууламж болох Уэстминстер Аббейн зай багтаамжтай холбоотой гэнэ.
Төрийн тэргүүнүүд ёслол болох газарт ирэхдээ хувийн тусгай автомашин хөлөглөхгүй, нийтийн тээврийн хэрэгслээр бөөндөө очих нь бас гудамж талбайн зай багтаамж, аюулгүй байдалтай холбоотой шаардлага ажээ. Бас тэднийг Их Британид ирэхдээ нийтийн агаарын тээврийн онгоцоор ирэхийг зөвлөж, айлчлах хугацаандаа нисдэг тэрэг ашиглахыг нь хориглосон байна.
Их Британийн гадаад хэргийн яамнаас дээрх шаардлагыг Бямба гарагт Лондонд суугаа гадаадын элчин сайдын яамдад мэдэгджээ.
Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлэх төрийн тэргүүн тус бүрийн хугацааг гурван минутаар хязгаарласан байна. Их Британийн засгийн газрын тавьж буй хатуу шаардлага зарим улсын дипломатчидыг гайхшируулаад байгаа аж. Нэрийг нь дурдаагүй нэг улсын элчин сайд “Жо Байден автобусаар зорчино гэж та нарт төсөөлөгдөж байна уу?” гэж ярьсныг эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: DPA, Politicio