Завхан аймгийн Баянтэс суманд гарсан түймэр хил давж, 7600 га талбай шатжээ
Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас 9 дүгээр сарын 8-ны өдөр гарсан гал түймрийн тархалт нэмэгдсээр хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баян-хөндий зэрэг газрууд түймэрт өртөж одоогийн байдлаар 7600 гаруй га талбай шатаад байна.
Түймэр унтраах бүлэгт хилийн цэргийн 0277 дугаар ангийн төв, хилийн цэргийн салбаруудаас 80 гаруй алба хаагчид 7 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс сум, Увс аймгийн Баруунтурууны Онцгой байдлын анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, Завхан аймгийн Тэс, БаянТэс, Асгат сумын удирдлага, ард иргэд, дүйцүүлэх алба хаагчид гээд нийт 341 хүн, 40 гаруй техниктэй гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр бүрэн унтраагүй газар авсаар байгаа бөгөөд хил давсан тул ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, ард иргэд мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж байна.