Ах нартайгаа тоглож байсан хоёр настай охин голын усанд живж осолджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 17:55 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай, эмэгтэй “А” гэгч хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад алга болсныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Тухайн үед хамт явсан хоёр ах нь охиныг элсэн дээр тоглуулж үлдээгээд голын усанд ороод гарч ирэхэд дүү нь алга болсон байсан бөгөөд голын усруу орсон эсэхийг хараагүй байна. Харамсалтай нь өнөөдөр өглөө 08:00 цагийн үед тус газраас 5 орчим км зайд хүүхдийг усанд хөвж, урсаж байхыг харсан иргэн Онцгой байдлын байгууллагад дуудлага өгч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүддээ гол усны аюул, болзошгүй осол, эрсдэлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.