|

Зам тээврийн сайд С.Бямбацогт засгийн газрын гишүүдийн хамт Иргэний нисэхийн салбарт ажиллалаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон бусад албаны хүмүүс “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зочилж, Иргэний нисэхийн салбарынхантай уулзлаа. Уулзалтаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан салбарын хүний нөөцийн бодлого, агаарын хөлөг, агаарын тээвэрлэгчдийн мэдээлэл, нислэгүүдийн чиглэлүүдийн мэдээлэл, зорчигч тээврийн мэдээлэл, өнгөрөлтийн нислэг болон хөөрөлт буултын мэдээлэл, 2022 оны төлөвлөгөөний биелэлт, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлууд, “Хил хязгааргүй нисэх 2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөө, улсын төсвөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар орон нутгийн нисэх буудлуудад хийгдэж буй шинэчлэлт, салбарын тулгамдсан асуудлууд зэрэг онцлох сэдвүүдээр танилцуулга хийлээ.

Үүний дараа зочид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалт, үйл ажиллагаатай танилцаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Мөн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, “МИАТ” ТӨХК-ийн агаарын тээврийн засвар үйлчилгээний газраар орж, үйл ажиллагаатай танилцлаа.

 

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглах Засгийн газрын тогтоол гарч байсан. Энэ дагуу тус нисэх буудал шаардлагатай тохиолдолд олон улсын болон орон нутгийн нислэгүүдийг хүлээн авах байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-д Нисэхийн сургалтын төв үүд хаалгаа нээж, нисэхийн салбарын мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Цахим хөгжил, инновацийн төвийг нээхээр боллоо. Ингэснээр “Буянт-Ухаа” ОУНБ-д Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх, мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд ая тухтай орчинд  ажиллах зэрэг боломжууд бий болох нөхцөл бүрдэж байгаа юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments