Л.Наранбаатар: Цементийн импортын гаалийн албан татварыг тэглэсэн шийдвэр гаргасанд харамсаж байна

Засгийн газрын хуралдаанаар цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын он дуустал тэглэх шийдвэрийг гаргасан. Учир нь, барилгын салбарт цементийн хомсдол үүсэж, дотоодоо хангаж чадахааргүй байдалд хүрсэн юм. Тэгвэл Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, “Чулуунцарын үйлдвэрийн галд тэсвэртэй тоосгоны өрөлт дуусах тун дөхлөө. Бид аравдугаар сарын 01-ндээ цемент гаргана. Үйлдвэрийг улайсан данстай, тоосго, түлш, түүхий эдийн нөөцгүй, эвдэрхий тээрмүүд, тоног төхөөрөмжгүй, тонуулсан уурхайтай хүлээж авсаныг хэлэх нь илүүц биз… Хэн хүсэж есдүгээр сард тоосго өрөөд цементээр таслаж зогсох билээ. Нөхцөл байдлыг зургаадугаар сард бид Дарханы замынханд ярьж, урьдчилан сануулж, наймдугаар сард технологийн засвар хийх зайлшгүй шаардлагатай тул МАК, Монцементээс цементээ татах зохицуулалт хийж, замын ажлаа битгий тасалдуулаарай гэж хэлж байсан.

Халтар сайдад арга хэмжээ авах хангалттай хугацаа байсан, асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч Дарханы замын буруутанг Хөтөл гэж цоллосон. Манай хамт олон харин тайлбар тавиагүй, ажлаа хийдгээрээ хийгээд л явсан. Халтар сайдын шахалтаар бид Дарханы замынханд үнийн өсөлтийн аяны бүх цементээ өгсөн. Аян үр дүнтэй явж байсан, 5000 орчим иргэнд хүрч, 3 орчим тэрбум төгрөгийг ченжүүдээс хэмнэж өгсөн байдаг. Аяны цементийг тасалдуулсандаа ард түмнээсээ уучлалт хүсье!

Эрээний коронагоос болоод тоосго таталт 30 хоног саатна гэж “далдыг харж” чадаагүй нь бидний алдаа.Төлөвлөснөөрөө явсан бол 9/1 -д цементээ таслахгүй нийлүүлээд явах байлаа.Өнөөдөр цементийн импортын гаалийн албан татварыг тэглэсэн шийдвэр гарсанд маш их харамсаж байна, ЗГ аргагүй нөхцөлд богино хугацааны арга хэмжээ авлаа гэж ойлголоо. Татварын тэглэлт он дуустал гэсэн, бүр биш.

Элдэв дайралт, дэвшилт, гүтгэлэг, мөн дарамтууд ирж байгаа ч бид хичээж ажиллах болно. Заавал үр дүнд нь хүрнэ. Хэрэглэгч танаас дахин уучлал хүсье”гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *