|

М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө алдарт бөх Таха Акгюльтэй хүчээ үзнэ

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүчээ сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл хагас шигшээд Гүржийн бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилиг 4:2-оор яллаа.

Ийнхүү Монголын бөх, эрчүүдийн хамгийн хүнд жингийн Дэлхийн аваргын алтан медалийн төлөө өнөөдөр Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэхээр болов.

Энэ удаагийн ДАШТ-д М.Лхагвагэрэл 1/8 финалд 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт бөх Узбекистаны Хасанбой Рахимовтой барилдах байсан ч Хасанбой гэмтсэн учраас гарч барилдаагүй. Тэрбээр шөвгийн наймд 2021 оны Ази тивийн аварга Казахстаны Олег Болтиныг ялж, хагас шигшээд Гүржийн Гено Петриашвилитай таарсан юм. М.Лхагвадорж 2021 оны Ослогийн ДАШТ-д түүнд ялагдаж байсан бол энэ удаад Белградын дэвжээн дээр 4:2-оор ялж, өнгөрсөн жилийн дэлхийн медалийнхаа өнгийг хувиргах нь ийнхүү тодорхой болоод байна.

Дэлхийн аваргын төлөө өнөөдөр хүч үзэх Туркийн бөх Таха Акгюль өчигдөр Ираны Амир Заре-тай маш хүнд барилдаан хийж ялснаар финалд шалгарсан.

Таха Акгюль бол Риогийн олимпын аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (Ташкент-2014, Лас-Вегас-2015), ДАШТ-ий хос мөнгөн медальт (Париж-2017, Нур-Султан-2019), хос хүрэл медальт (Будапешт-2013, Осло-2021), 2015 оны Европын наадмын аварга, Европын 8 удаагийн аварга (2012, 2013, 2014, 2017, 2018, 2019, 2021, 2022) алдартай бөх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *