Ж.Болдбаатар: ҮАБ-д халдсан мэдээлэл гаргасан этгээдэд хатуу хариуцлага тооцно
Монгол цэргүүдийг Орос руу сайн дурын цэрэг татлагат хамруулна гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ мэдээлэл ор үндэслэлгүй худал болох, шалгалт хийж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар: Цахим орчинд гарсан хуурамч мэдээлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой цаашид хор холбогдол гарах эрсдэлтэй учир эзэн холбогдогчийг заавал тогтоох шаардлагатай. Тус мэдээлэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашигт нөлөөлөхүйц байгаа. Тиймээс хууль хяналтын байгууллага, тагнуулын байгууллага шалгаж тогтооно.
Улс орнуудын харилцаанд хор хохирол учруулах эрсдэлтэй учир ташаа мэдээлэл гаргасан этгээдэд хатуу хариуцлага тооцно.
Тус мэдэгдэлд Батлан хамгаалах яам болон холбогдох яамны логог ашигласан бөгөөд албан бичиг хөтлөлттэй гаргасан учир үүнийг санаатайгаар гаргасан гэж харж байна. Тиймээс иргэд худал мэдээлэлд цензуртай хандах хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд цэрэг татлага явуулах заалтыг тусгасан байдаг. Үүнд бусад улс орон руу цэрэг татах талаар тусгаагүй. Иймд улс хоорондын дипломат харилцаанд сэв суулгах хуурамч мэдээлэл гаргасан асуудлыг шалгана.