|

“Г.Батхүү агсны хэргийг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй”

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны хэргийн талаар мэдээлэл хийлээ.

С.Одонтуяа “УИХ-ын Дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан эмгэнэлт хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг маш нууцын зэрэглэлтэйгээр “бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр гүнзгийрүүлэн шалгахаар болсон.

Гэтэл саяхнаас ажлын хэсэг “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн,  амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн мэдээ гарах болсон. Чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байвал Монгол Улсад хууль хяналтын байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэхэд маш том эргэлзээ үүсэх нь мэдээж.

Талийгаачийг MRI аппаратаар харуулах саналыг шинжилгээний байгууллагад тавьсныг хүлээж аваагүй. Тиймээс шүүхийн  шинжилгээоношлогоог дутуу хийсэн гэж үзэж байна гэж өмгөөлөгч Ж.Батхуяг мэдэгдсэний дараа түүнд мөрдөн байцаалтын нууц задалсан гэх ял тулгасан. Энэ хэргийг тойрсон учир битүүлэг зүйлс олон байгаа бөгөөд одоогоор хууль хяналтынхан иргэдийн эргэлзээг тайлсан нэг ч тайлбар, нотолгоог гаргаагүй. Талийгаачийн ар гэрийнхэн хэргийг учир битүүлэг хаахыг хүлээн зөвшөөрөхгүй, тэмцэх болно” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *