Нүцгэн зургийг нь фэйсбүүк дээр тавина гэж бусдыг сүрдүүлж, мөнгө авсан иргэнд ял оноожээ

Нүцгэн зургийг нь фэйсбүүкт тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна гэж бусдыг сүрдүүлж, мөнгө авсан эмэгтэйд ял оноожээ.

Тодруулбал, Иргэн Энэрэл нь /нэрийг өөрчлөв/ мөнгө авах зорилгоор, иргэн Н-ийг “… намайг хүчиндсэн гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, цагдаа тан руу ярина өөрөө очиж уулзаарай“, “… та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна”, “… таны нүцгэн шалдан зураг байгаа фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр сүрдүүлж, түүнээс 5.550.000 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Прокуророос Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар, бусдын эд хөрөнгийг авахын тулд  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлснийг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүхээс Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахын тулд  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн  хорих ял оногдуулж, Иргэний хуульд зааснаар төлөгдөөгүй үлдсэн 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *