Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн эмнэлэгт амиа егүүтгэжээ
Энэ сарын 15-нд Ховд аймгийн “Мөст сум”-ын “Улаан хүрээ” гэх газраас иргэн .… хавхаар тарвага агнаж, махыг нь чанаж идсэн байна. Үүний дараагаар тэрээр бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр иргэн … нь Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж, Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна. Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын шинжилгээ хийлгэхэд түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заасан байна. Харамсалтай нь үүний дараагаар тухайн иргэн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэсэн байдалтай олджээ.
Энэ талаар БОЭТ-ийн халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга Б.Одхүү “Энэ сарын 16-ны 10.30 цагт Яаралтай түргэн тусламжийн төвд тарваган тахлаар өвдсөн байж болзошгүй иргэн ирсэн. Дотрын эмч нар үзлэг хийж, өөрөөс нь асуумж авсан. Тухайн иргэнээс тарваганы мах идсэн эсэх талаар асуухад “Үгүй” гэж хэлсэн. Тиймээс мэс заслын эмчийг дуудаж үзүүлсэн. Мэс заслын эмч мөн асуухад “Үгүй” гэж хэлсэн. Харин 103-т авч ирсэн эгч нь “Хөдөөнөөс саяхан ирсэн. Тарваганы мах идсэн” гэдгийг хэлсэн. Улмаар эмч нар түүнийг тусгаарлах өрөөнд тусгаарласан. Тухайн иргэнийг тусгаарласны дараа Зооноз өвчин судлалын төв рүү дуудлага өгсөн. Зооноз өвчин судлалын төв ирж, тухайн иргэнээс шинжилгээ авч, асуумж авах ажиллагаа хийгдсэн. Шинжилгээ хийгдсэний дараа эмчилгээний багийн эмч нар гарсан. Гэтэл тухайн иргэн амиа хорлосон байсан. Түүний шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс Зооноз өвчин судлалын төвөөс эмч нарыг тусгаарлаж, хяналтад авсан” гэжээ.
Харин иргэн …………-н эгч нь “Эмч нар тарваганы мах идсэн гэдгийг нь мэдээд эмнэлгийн өрөөнд тусгаарласан. Би цонхоор нь хараад л байсан. Хоёр эмч гадна нь зогсож байсан. Би эмч нарт дүүгийнхээ 70 хувийг групптэй болохыг хэлсэн. Мөн гартаа уяа барьчихсан байгааг нь ч учирласан. Дүү маань “Хөл, гар хөрчихлөө. Хөдөлж чадахгүй байна” гэж хэлээд, намайг өрөөндөө ороод ир гэж гуйсан. Бүр барьсан уяагаа надад харуулаад “Би энийг ашиглаад, үхчих үү” гэж хүртэл хэлсэн. Энийг нь эмч нарт дуулгасан болов ч яаралтай орж, тусламж үзүүлж чадаагүй. Баасан гарагийн өглөө ирж үзсэн эмчид тарваганы мах идсэн гэдгийг нь мэдсэн. Тиймээс тэр эмч ч оношлоод, эмчилгээг нь эхлээд, хорио цээр тогтоож болох байсан” гэв.
Эх сурвалж: Eagle.mn