Барилгын тулгуур бэхэлгээ нурснаас дарагдсан хоёр ажилтныг эсэн мэнд гаргажээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутагт барьж буй барилгын хийц бүтээц нурж, хүн дарагдсан тухай дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 19-ний 18:45 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 18:53 цагт очиход шинээр баригдаж байгаа гурван давхар барилгад цутгалт хийх үед тулгуур бэхэлгээ нурснаас хоёр ажилтан дарагдсан байна.
Барилгын ажилтан Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж нар барилгын бүтээцэд дарагдаж, бэртэж гэмтсэн байсныг аврагчид 20 минут ажиллаж эсэн мэнд гаргажээ.
Гэмтсэн ажилтнуудыг нийслэлийн Яаралтын тусламжийн төвийн эмчид, ослын газрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.