“Өргөө” амаржих газар Молекул биологийн лабораторитой боллоо
“Өргөө” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Молекул биологийн шинэ лабораторитой боллоо. Эх, хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас хийж буй ажлын хүрээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр амаржих газруудыг хангаж байна.
Санхүүжилтийг улсын төсөв болон донор олон улсын санхүүжилтээр шийдэж буй юм. Энэ бодлогын хүрээнд ЭМЯ-наас НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай коронавируст халдвар, бусад нөхөн үржихүйн халдваруудын оношлогоог баталгаажуулах орчин үеийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.
Энэ үйл ажиллагааны хүрээнд 2022 оны төлөвлөгөөнд буй “Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах нь” төслөөр эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхий Молекул биологийн иж бүрэн гурван лабораторийг Улаанбаатар хотын Өргөө, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д тус тус хүлээлгэн өгөх юм байна. Лабораторийн иж бүрдлийг дэлхийд тэргүүлэгч Seegene компани хоёр жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлжээ.
Ковид-19 халдвараас гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдарын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмж, лабораторын стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт нийлүүлсэн байна.
Ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.Мөн үүний дагуу молекул биологийн оношлогоог эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн практикт ашиглах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 21 аймаг, есөн дүүрэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.
Дараагийн ээлжинд ЭМЯ зүгээс хотын амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, доктор Халид Шарифи, Өргөө амаржих газрын Захирал Ж.Энхцэцэг, доктор, Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.