Халдвар хамгааллаа мөрдөхгүй бол ирэх сард хөл хорихоос өөр аргагүйд хүрнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийлээ.

Уулзалтаар хөл хорио тавих шаардлагатай эсэх, вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн  зэрэг асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, арга замуудын талаар санал солилцов.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлжээ. “Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой” гэлээ.

Хөл хорио тогтоох эсэх асуудалд Сангийн сайд Б.Жавхлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгаа тул  хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэлжээ.

“3 дугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. 3 дугаар сарын 3-наас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгосон.  Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно” хэмээн тооцож буйгаа мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья” гэжээ.

“Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал шаардаж байгаа”-г дурдлаа. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэв.

 Дархлаажуулалтын хувьд, өнөөдрийн байдлаар БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.  Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна.

Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.

Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд нийслэлд 6 дугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй.

Үүнд:

  1. Хариу арга хэмжээний баг,
  2. Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар,
  3. Худалдаа үйлчилгээний салбар,
  4. Бүх шатны боловсролын салбарын ажилчид,
  5. 50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
  6. 65+ насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд,
  7. 18-25 насныхан,
  8. 25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин  худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.

Эхний ээлжинд 3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн 4 аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газар-аас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *