БНСУ-ын иргэд “BTS” хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх хэрэгтэй гэж үзжээ
БНСУ-ын иргэдийн 60.9 хувь нь цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүд тэргүүтэй олны танил хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлөх хэрэгтэй гэж үзэж байгааг олон нийтийн дунд саяхан явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Үндэсний ассамблейн Батлан хамгаалахын үндэсний хорооны захиалгаар “Realmeter” судалгааны компанийн явуулсан санал асуулгын дүн нь тус хорооны эрх баригч болон сөрөг хүчний намын хууль тогтоогчдын дунд өрнөж буй мэтгэлцээнд түлхэц өгөх төлөвтэй байна. Харин Батлан хамгаалах яам хуульд өөрчлөлт оруулахыг сайшаахгүй байгаа ажээ.
БНСУ-д одоогийн байдлаар цэргийн албаны хуулийн дагуу өндөр амжилт үзүүлсэн тамирчид, соёл урлагийн тэмцээний ялагч нарыг цэргийн албанаас чөлөөлж байгаа бол үүнд поп соёлын салбарыг хамруулан өргөжүүлэхийг олон нийтийн зүгээс хууль тогтоогчдод уриалах болжээ.Өнгөрсөн лхагва гаргаас пүрэв гаргийн хооронд орон даяар явуулсан санал асуулгад 1000 орчим хүн оролцсоноос 34.3 хувь нь хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Цэргийн албаны тухайн хуульд өөрчлөлт оруулах уриалга гарах болсонтой холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Ли Жон Соп наймдугаар сарын 31-нд болсон Үндэсний ассамблейн хуралдааны үеэр санал асуулга явуулах асуудлыг авч үзнэ гэдгээ хэлсэн байна.
Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй “BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жиний хувьд энэ оны сүүлээр 30 нас хүрэх тул одоогийн хуулийн дагуу цэргийн алба хаах шаардлагатай болж байгаа юм. Батлан хамгаалахын үндэсний хороо олон нийтийн дунд санал асуулга явуулсны дараа холбогдох мэтгэлцээний талаар ойрын хугацаанд шийдэлд хүрнэ гэж мэдэгджээ.