|

Иранд эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр 8 хүн нас барж, инстаграм руу нэвтрэх эрхийг хязгаарлалаа

Иранд 22 настай эмэгтэй хоригдож байгаад нас барсантай холбоотойгоор засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал болсон. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Махса Амини нэртэй эмэгтэй толгойн алчуур зүүж явах тухай хууль зөрчсөн хэргээр цагдаад баривчлагдаж, улмаар нас баржээ. Тус улсын ерөнхийлөгч Эбрахим Раиси өдгөө Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй. Ерөнхийлөгч эзгүй үеэр ийнхүү сүүлийн жилүүдэд тохиолдоогүй том жагсаал болж байна.

Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр өчигдрийн байдлаар /2022.09.21/ дор хаяж найман хүн амиа алджээ. Мөн 450 хүн шархдаж, 500 гаруй хүн баривчлагдлаа. Үймээнийг дарахын тулд засгийн газар цагдаа нар болон энгийн хувцастай зэвсэгт хүчнийхнийг илгээсэн. Жагсаал болсон хорооллуудад интернет, үүрэн холбооны үйлчилгээ тасалдаад буй. Инстаграм платформ руу нэвтрэх эрхийг ч мөн өчигдөр хязгаарлалаа.

Эмэгтэйчүүдийг толгойгоо алчуураар бүтээж, задгай хувцас өмсөхийг хориглодог хуулийг эсэргүүцэн эмэгтэйчүүд хижаб буюу толгойн алчуураа шатаажээ. Мөн үсээ тайрч эсэргүүцлээ илэрхийлсэн тохиолдол ч гарав. Зарим жагсагч аюулгүй байдлын хүчнийхэнд хариу цохилт өгч, тэмцэлджээ. Исфахан, Тегеран хотод жагсагчид цагдаагийн машин, мотоциклийг шатаасан бол Керман хотод нэг цагдааг бүсэлж, зодсон явдал гарсан.

Цагдаа нар жагсагчдыг түлхэж унагаан, бороохойгоор зодож, тэдний зүг гал нээж, нулимс асгаруулагч хий цацаж буйг гэрчүүд хэлэв.

Нас барсан эмэгтэйг зүрхний шигдээс болсон гэж эрх баригчид мэдэгдээд буй. Гэвч ар гэрийнхэн нь түүнийг эрүүл саруул байсан гэж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: news.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *