SPEAK OUT: “Буяны цуваа биш дарга нарын цуваа түгжрэлд нөлөөлдөг”
Улаанбаатар хотын түгжрэл хэн бүхний толгойны өвчин болоод удаж буй. Эл асуудлыг шийдэхийн тулд “Хотын сайд” хэмээх орон тоог гаргаж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хотын сайдаар томилсон.
Шинэхэн сайд маань өчигдөр /2022.09.21/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Буяны цуваа хотын түгжрэлд нөлөөлдөг” гэх жиргээг нийтэлж олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Үүнтэй холбоотойгоор бид энэ удаагийнхаа “Speak out”-аар иргэд Хотын сайдын жиргээнд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-БУЯНЫ ЦУВААГ ТҮГЖРЭЛД БУРУУТГАХ НЬ ОНЦГҮЙ САНАГДАЖ БАЙНА-
Иргэн Н: “Хотын түгжрэлд буяны цуваа нөлөөлж байна гэдэг өрөөсгөл ойлголт. “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэгчээр талийгаач нарт бурууг өгөөд сууж болохгүй. Үхсэн хойноо ч хотоос гарч ясаа тавихдаа дээрээс гаргаж өгсөн цагийн хувгараар явах юм уу? Инээдтэй юм. Түгжрэлд маш олон хүчин зүйлс нөлөөлж байхад буяны цувааг тодотгосон нь онцгүй санагдсан” гэв.
-БУЯНЫ ЦУВААГ ҮҮРЭЭР ХОТООС ГАРГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ-
Иргэн У: “Хотын сайдын хэлсэн зүйл зарим иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Гэхдээ би хувьдаа зөв гэж бодож байгаа. Ажил, хичээл эхлэх цагтай зэрэгцэж хотоос гарч байхаар үүрээр гарч болох л байх. Ер нь тэгээд ч өглөө эрт хотын төвдөө буяны цуваа явахыг харах тиймхэн л байдаг. Мухар сүсэг гэх юм уу, мэдэхгүй. Үхсэн хүн явж байна гэхээр цаанаасаа эвгүй байдаг. Шарил хадгалах газрыг хотоос гаргаж, хол байгуулах хэрэгтэй”
-БУЯНЫ ЦУВАА БИШ ДАРГА НАРЫН ЦУВАА Л ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ-
Иргэн А: “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг гэдгийг үгүйсгэхгүй. Юм бүхэн хоёр талтай учраас зөв, буруу гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дарга нар өөрсдөө өглөө оройдоо зам хааж түгжрэл үүсгэдэг шүү дээ. Буяны цуваа гэхээс илүү дарга нарын машины цуваа түгжрэлд нөлөөлдөг гэж бодож байна. Хүн бүхэн мэдэж байгаа. Нэг дарга нь явах сургаар цагдаа нар зам хаачихдаг” гэв.
-ШАРИЛ ХАДГАЛАХ ГАЗАР ХОТЫН ТӨВД БАЙГАА НЬ БУРУУ-
Иргэн Х: “Хотын түгжрэлд буяны цуваа нөлөөлдөг ч бай, үгүй ч бай хотын төвд шарил хадгалах газар байгаа нь л гол асуудал. Багшийн дээд, талбай энэ хэсэгт Их сургуулиуд төвлөрдөг учир зүг зүгийн л оюутнууд өглөө эрт наашаа гардаг. Гэтэл Нэгдүгээр эмнэлгийн хажууд шарил хадгалах газар байрлаж эндээс буяны цуваа гарч байгаа нь түгжрэл дээр түгжрэл нэмж байгаа л хэрэг. Түүнээс зөвхөн буяны цуваа хотын түгжрэлд нөлөөлөөд байгаа юм биш” гэв.
—