Ж.Сүхбаатар: Би нээлттэй ажиллаж, нэг иргэний асуултад хариулсан нь алдаа боллоо
Хотын сайдын албан тушаалд томилогдоод буй Ж.Сүхбаатар үүрэгт ажлаа хүлээж аваад сар ч болоогүй дуулианы эзэн болж, олон нийтийн анхаарлыг татав.
Тодруулбал, Хотын сайд Ж.Сүхбаатар өчигдөр /2022.09.21/ “Буяны цуваа хотын түгжрэлд нөлөөлдөг” гэх агуулгатай жиргээг өөрийн цахим хаягаараа дамжуулан жиргэжээ. Үүнтэй холбогдуулан иргэд “түгжрэлээ шийдэж чадахгүй үхсэн хүнд буруу өглөө”, “үхсэн хойноо ч хотоос гарч, ясаа тайван тавьж болохгүй болжээ” гэх мэт шүүмжлэлтэй хандаад буй.
Харин тэрээр өөрийн жиргээндээ тайлбар хийж, “Миний бичсэн зүйлийн гол асуудал нь шарил хадгалах газар хотын төвд байгаа нь буруу гэсэн санаа байгаа юм. Хотын түгжрэлд нийтийн тээвэр, хот төлөвлөлт гээд олон асуудал бий. Зөвхөн буяны цуваанд буруу өгөөд байгаа юм биш. Би нээлттэй байж нэг иргэний асуултад хариулсан нь миний буруу боллоо. Цааш цаашдаа олон нийтэд хандаж хариулж байя. Би хүн хүнд нь хандаж ганц хүний ч хамаагүй асуултад хариулдаг. Гишүүн байхдаа ч ийм нээлттэй ажиллаж байсан” хэмээв.