Ч.Өнөрбаяр: Нэг нам дангаараа байвал монголчууд Венесуэл шиг л болно
Ардчилсан намаас нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийн талаар ээлжилт мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АЗХ-ны тэргүүн болон дэд тэргүүн, мөн ҮБХ-ны дэд дарга нар оролцлоо.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: “Бидэнд өнөөдөр тулгарч байгаа үнийн хөөрөгдөл, ам.долларын өсөлт нэг өглөө сэрэхэд бий болоогүй. Засгийн газрын оновчгүй шийдлээс болж эдийн засаг хямралд өртөөд байна. Эрх баригч нарын хоосон PR-аас болж Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтлээ. Ам.долларын ханш 3400 хүрч байна, удахгүй 4000 болно. Хүмүүсийн цалин цаас боллоо. Хурал зөвлөгөөн хийгээд нэг нам дангаараа эрх бариад явбал эдийн засаг сэргэнэ гэдэг худлаа шүү. Нэг нам дангаараа эрх бариад байвал монголчууд Венесуэл шиг л болно. Хэрвээ нэг нам дангаар тогтвортой байгаад тухайн улс хөгждөг бол Хойд Солонгос тэргүүлэх эдийн засагтай улс болох байлаа. Монголчууд улс төрийн эрх чөлөөгүй амьсгалж чадахгүй ээ. Долларын ханш өссөн нь Монголбанк бодлогын хүүгээ өсгөөгүйгээс болсон гээд хэд хоногийн өмнө нэмсэн. Үүнийг дагаад олон асуудал үүснэ. Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд иргэд доллар ихээр авч нөөцлөөд байгаатай холбоотой үнэ өсч, хомсдол үүслээ гэж байна.
Харамсалтай нь, Монгол Улсын иргэдийн 80 хувь нь цалингааас цалингийн хооронд амьдарч байхад яаж доллар авч нөөцлөх юм. Өнөөдөр бодлогын хүү өссөнөөр нь үнэн чанартаа дунд давхарга алга болно. Учир нь ханш нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж бараагаа зарж чадахгүй асуудал тулгарна. Байгуулагууд хүний нөөцөө цөөлж байна. Ийм хүнд байдалд шилжиж байхад эрх баригч нам эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлэх нэн шаардлагатай” гэлээ.