Сурагчид нэг сая төгрөг олоод, эзэнд нь хүлээлгэн өгчээ
Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш нар нэг сая төгрөг олоод, эзэнд нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, сурагчид хичээлээ тараад танил ахынхаа дэлгүүрээс зайрмаг аваад гарч явах замдаа боодолтой мөнгө олсон байна. Эргэн тойрноо хартал мөнгө хайж байгаа хүн харагдаагүй тул мөнгийг аваад таньдаг ахынхаа дэлгүүрт оруулж өгөөд хамтдаа тоолоход тавин ширхэг 20 мянгатын дэвсгэрт буюу нэг сая төгрөг байжээ.
Тухайн өдөртөө мөнгөний эзэн тус дэлгүүрийн эзнээс мөнгөө авсан бөгөөд хоёр сурагчид маш их баярлаж буйгаа илэрхийлэн тус бүрт нь 30 мянган төгрөг өгч урамшуулсан байна. Сумынхан нь хоёр хүүд баяр хүргэж, сайн үйлс хийснийг нь магтан сайшаажээ.