BBC: Япончууд Абэ Шинзогийн төрийн оршуулах ёслолыг эсэргүүцэн жагсжээ
Япон улсын Ерөнхий сайд агсан Абн Шинзогийн төрийн оршуулах ёслол мягмар гарагт (2022.09.27) болно. Тус ёслолд оролцохоор дэлхийн олон орноос томоохон албан тушаалтан эрхмүүд Японд хүрэлцэн ирсэн байгаа билээ. Харин Япончууд Абэгийн төрийн оршуулах ёслолыг 11.4 сая ам.доллароор зохион байгуулж байгаад дургүйцэн жагссан байна.
Өнгөрсөн долоо хоногт Токио хотод байрладаг Ерөнхий Сайдын оффисын урд тэрхүү ёслолыг эсэргүүцсэн эрэгтэй өөрийгөө шатаажээ. Мөн өнөөдөр (2022.09.26) 10 мянга гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. “Mainichi” сонин явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 62 хувь нь Абэд төрийн оршуулах ёслол хийхийг эсэргүүцжээ. Японд зөвхөн хааны гэр бүлийн гишүүдэд төрийн оршуулах ёслол хийдэг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улс зөвхөн нэг удаа хааны гэр бүлийн гишүүн биш хүнд төрийн оршуулах ёслол хийж хүндэтгэл үзүүлсэн аж.
Эх сурвалж: Reuters, BBC
Б.БУЯНДОРЖ