Вагоны машинистууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хурд хэтрүүлж, осол гаргажээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд гарсан ослын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр “Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын төмөр зам барьж буй чиглэлд ачаа ачсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унажээ. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ийн зайтай, Хулангийн Шандас гэдэг зөрлөг дээр осол болсон” гэв.

Вагоныг “Монголиан транс ложистик” компанийн машинистууд жолоодож явжээ. Хөдлөх бүрэлдэхүүн мөн тус компанийнх. Осол гаргасан машинист болон туслах машинист 1.37 болон 0.92 бүхэлтэй согтуу байсан байна. “Монголиан транс ложистик” нь “Болд төмөр ерөө гол” компанийн охин компани бөгөөд төмрийн хүдрийн тээврийг хариуцдаг аж.

УБТЗ-ын сэргээн босгох баг ослын газарт очиж, унасан вагонуудыг татаж босгох ажлыг эхлүүлжээ. УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч “Энэ осол манай зам дээр болоогүй. Одоогоор зөвхөн УБТЗ-д сэргээн босголтын техник хэрэгслүүд байдаг тул бид багаа илгээсэн. Цаашдаа төмөр замын бусад компаниуд ийм багтай болох байх” гэв.

Тус цуваанд нийт 17 вагон явж байжээ. Эдгээр нь УБТЗ болон “Монголын төмөр зам”  компанийн вагонууд байжээ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг “Монголын төмөр зам” компани эзэмшдэг юм.

Similar Posts

One Comment

  1. Согтуу байсан гэж худлаа даа, дарга нар хариуцлагаас мултрах гэсэн башир арга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *