Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслүүдийг Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дэвшүүлсэн санал, өгсөн чиглэлийн дагуу ирэх онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг төсвийн төсөлд тусган өнөөдрийн хуралдаанд дахин танилцуулж хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:
Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх; Хоёрт, Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх; Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх; Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх; Тавд, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно гэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Товч мэдээ
· Улаанбаатар хотод 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ‘’Хоёр талын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Вант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг’-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг хэлэлцэн дэмжээд уг протоколд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад олгов.
· Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 112 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбоотой ашиг сонирхлын зөрчил, авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, шалган шийдвэрлүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүргийн дагуу ажилласан дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.