Улстөрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх Б.Хурцын хэлсэн ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Хошууч, Генерал Б.Хурцын хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох 10 ИШЛЭЛ-ийг хүргэж байна.

1. Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүйн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд С.Зоригийн хэрэг илэрсэнгүй вэ. Захиалагчийг зарлана гэсэн амлалт нь хаана байна.

2. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хүмүүсийг ямар их улайрч, хамгаалж, өмгөөлж байна аа. Энэ янзаараа Ц.Нямдорж тун удахгүй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёроо гүтгэнэ шүү.

3. Эрдэнэт үйлдвэрт хоёр Анхбаяр буюу хүү Н.Анхбаяр, хуурай дүү С.Анхбаяр нар нь хамтраад жилдээ 43 сая ам.долларын химийн бодис шахдаг байсан. Би тэрийг нь ил гаргасан. Одоогийн миний нөхцөл байдлын учир шалтгаан ерөөсөө л энэ. Би хуулийн дагуу ажлаа хийснийхээ төлөө Ц.Нямдоржийн дайсан болсон

4. Ц.Нямдоржийн нэр дээр улсын нууц задруулсан, задалсан, 17 байрны хэрэг, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гээд маш олон гэрчтэй хэрэг прокурор дээр дараастай байдаг. Тэр болгоныг шалга.

5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын газарт 2017 оны 11 дүгээр сард ҮАБЗ-ийн хуралдаанд үзүүлсэн 3 цагийн материалаа ил болгоод өгөөч гэж хүснэ. Тэр материалаас юу болоод өнгөрөв, одоо юу болоод байгааг ард түмэн ойлгоно.

6. С.Зоригийн хэргийг илрүүлэхэд ажилласан залуус бүгд ажилгүй болсон. Маш чадварлаг мөрдөн байцаагчид, гүйцэтгэх ажиллагааны туршлагатай албан хаагчид байсан. Одоо гудамжинд гарчихсан.

7. Т.Чимгээд мансууруулах бодис судсаар нь шахсан, ёс бус бичлэг хийсэн гэдэг бол худлаа хөөс. Тэгэж ярих юм бол Т.Чимгээгийн бичлэг дээр гарсан залуу аль хэдийнэ хэрэг хийгээгүй нь нотлогдоод, цагаадаад, манай хэргээс гарчихсан шүү.

8. Ц.Нямдорж бид хоёрын тухайд бол түүх шүүж таараа. Тэр үед хэн нь Монголдоо үнэнч явсан бэ гэдэг нь тодрох биз.

9. Намайг Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдын яаманд Нэгдүгээр Нарийн бичгийн даргаар ажиллаж байхад “Монголоос Д.Энхбатыг баривчлах гэж төвөөс хүмүүс ирнэ. Д.Энхбат тийм газар байх шиг байна. Тэр хүмүүст УБ руу авч явахад нь туслах хэрэгтэй” гэсэн. Миний оролцоо Францаас барьж, Монгол руу нисгэх хүртэл л үргэлжилсэн. Юун тэр эрүү шүүлт.

10. Херо студи дээр тодорхой зорилготой асуудал яригдаж байсан нь үнэн. Тэр дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу гэвэл явуулсан. Гэсэн ч бидний хайж байсан баримт гарч ирээгүй учраас асуудлыг хаасан. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *