Путин Украины дахин хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Херсон, Запорожье мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргажээ. Зарлигууд 30-ны шөнө буюу Монголын цагаар өнөө өглөө үүрээр хуульзүйн цахим санд нийтэгдэж, тэр даруйдаа хүчин төгөлдөр болсон байна.

Эргэн сануулахад Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-27-ны өдрүүдэд явагдсан билээ.

Бүх нийтийн санал асуулгын дүнгээр Луганск ард улсын иргэдийн 98.42 хувь, Донецк ард улсын иргэдийн 99.23, Херсон мужийн оршин суугчдын 87.05 хувь, Запорожье мужийн иргэдийн 93.11 хувь нь ОХУ-тай нэгдэх нь зөв гэсэн санал өгсөн.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Москвагийн цагаар 15:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Донецк, Луганск Ард улс, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай хуульд гарын үсэг зурна гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *