В.Путин цэргийн дайчилгаанд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амлав
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулахдаа алдаа гаргаснаа анх удаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амласан байна.
Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор есдүгээр сарын 21-нд зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь цэргийн алба хааж байсан армийн бэлтгэл хүчийг хамруулахаа тэр өмнө нь мэдэгдэж байсан юм.
Гэтэл бодит байдал дээр алба огт хааж байгаагүй, өндөр настай, өвчин хуучтай, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан зэрэг эрчүүдэд зарлан дуудах хуудас ирсэн нь нийгмийг бухимдуулаад байв.Үүний улмаас Оросын олон мянган иргэн гадаад руу дүрвэж, дайчилгааг эсэргүүцсэн тэмцэл олон хотод өрнөсөн юм.
Өчигдөр орой Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд үг хэлэхдээ Путин “Дайчилгаа олон асуудал дагуулж байна. Бид гаргасан алдаагаа засаж, дахин гаргахгүй байхад анхаарах ёстой” гэжээ.
Тэрбээр олон хүүхэдтэй өрхийн тэргүүн, өндөр настан, эрүүл мэндийн ноцтой асуудалтай хүмүүст дайчилгааны зарлан дуудах хуудас ирсэн тухай жишээ болгон ярьсан байна.
“Хэрвээ алдаа гаргасан бол залруулж, үндэслэлгүйгээр дайчлагдсан хүмүүсийг гэрт нь хариулах хэрэгтэй” гэж Путин хэлжээ.
Путиний зарласан цэргийн дайчилгаа Кремлийн талыг тууштай баримтлагчдыг хүртэл бухимдуулаад байв.“Тэд санаатай ч юм шиг хүмүүсийг уурлуулж байна. Тэднийг арай Киевээс илгээгээгүй байгаа” гэж Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч, “Russia Today” сувгийн эрхлэгч Маргарита Симоньян өнгөрсөн Бямба гарагт дайчилгааг зохион байгуулагчдыг шүүмжилж байжээ.
Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа цэргийн дайчилгаанд алдаа завхрал гарч буйг хүлээн зөвшөөрсөн юм.
Тэрбээр алдаа гаргасан бурууг орон нутгийн удирдлагууд, батлан хамгаалах яаманд тохож байв.Харин Путин өчигдөр ярихдаа өөрийн холбоотон батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон орон нутгийн удирдлагуудад хир халдаахаас зайлсхийсэн байна.
Энэ удаагийн цэргийн дайчилгаа 300,000 бэлтгэл хүчийг Украины фронтод илгээх зорилготойг Шойгу анх хэлж байсан юм. Харин сүүлд эрх баригчид нийтдээ нэг сая бэлтгэл хүчийг дайчлах нууц төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай Оросын хараат бус Новая Газета сонин мэдээлснийг Кремлиэс няцааж байв.
Эх сурвалж: Reuters