Монголын анхны цахилгаан автомашинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх “Google User Street View” төслийг эхлүүлсэн. Ингэхдээ “Барс моторс” ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр НБИХГ-ын дарга Б.Бат-Өлзий “Google User Street View” төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаа “Барс Моторс” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зураглалыг найман жилийн дараа ийнхүү шинэчилж, бүтээн байгуулалтын өөрчлөлтийг цаг хугацааны машинаар харуулах уг төслийн хүрээнд GERO автомашинаар 20 мянган км замыг туулж, нийслэлийн есөн дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн зураглалыг авах юм.
НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР