|

BBC: Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Шведийн биологич Сванта Паабо хүртэхээр боллоо

2022 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Шведийн биологич Сванта Паабо хүртэхээр боллоо.  Энэхүү шагналыг түүнд “устаж үгүй болсон хоминидуудын ген болон хүний хувьслын талаар хийсэн судалгааных нь төлөө олгосон” гэж Нобелийн хороо мэдэгджээ.

“Паабо шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй мэт байсан зүйлийг гүйцэлдүүлж, неандерталь хүний генийн дарааллыг тогтоосон юм. Тэрбээр мөн Денисовын хүн гэгддэг эртний хүний төрөл зүйлийг нээж, шуугиан тарьсан билээ” гэж Нобелийн хороо онцолсон байна.

Шведийн биологич мөн 70 мянган жилийн өмнө Африк тивээс нүүдэллэж ирснийх нь дараа устаж үгүй болсон хоминидын генүүд хомо сапиенсуудад дамжин хадгалагдсан болохыг тогтоожээ. Орчин үеийн хүмүүсийн хувьд эдгээр ген нь халдварын үед дархлааны тогтолцоо хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг тодорхойлдог аж.

Паабо бол шинжлэх ухааны цоо шинэ салбар болох археологи, палеонтологийн олдвороос генийн дарааллыг тогтоодог  палеогенетикийг үндэслэгчдийн нэг юм.

 

“Паабогийн нээлтүүд нь хүний хувьсал, шилжилт хөдөлгөөний талаар аль сайн ойлголттой болохын тулд шинжлэх ухааний нийгэмлэгт өргөнөөр ашигладаг хосгүй нөөцийг бий болгосон. Түүний нээлтүүдийн ачаар бид устаж үгүй болсон хүний төрөл зүйлийн эртний генийн дараалал нь орчин үеийн хүмүүсийн физиологид нөлөөлдөг болохыг одоо ойлгож байна. Ийм жишээнүүдийн нэг бол өндөрт амьд үлдэх давуу талыг бий болгодог денисовын хувилбар EPAS1 ген бөгөөд орчин үеийн төвөд хүмүүсийн дунд түгээмэл таардаг. Бусад жишээг дурдвал янз бүрийн төрлийн халдварын эсрэг бидний дархлааны тогтолцооны хариу урвалд нөлөөлдөг неандерталь генүүд юм” гэж Шведийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Өнгөрсөн онд анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг амьд организмууд температурыг хэрхэн мэдэрдэг болохыг судалсан эрдэмтэн Дэвид Юлиус, Ардем Патапутян нарт олгосон билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *