Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн өсвөр насны хөвгүүдээ Украины фронтод илгээхээ амлажээ
ОХУ-ын Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров өөрийн 14, 15, 16 настай гурван хүүгээ удахгүй Украины фронтод илгээхээ амлажээ.
Сүүлийн өдрүүдэд тэр Украинд амжилтгүй байлдаж байгаа Оросын зэвсэгт хүчнийг хурцаар шүүмжлэх болсон юм. Чеченийн 20,000 цэрэг Украины дайнд явсан гэх тоо бий.
Өчигдөр Телеграм хуудсандаа тэр өөрийг нь шүүмжилсэн хүмүүст хандаж дээрх мэдэгдлийг хийсэн байна. Эцэг хүн хөвгүүддээ гэр бүл, ард түмэн, эх орноо хэрхэн хамгаалахыг багаас нь зааж сургах ёстой гэж Кадыров бичээд хүүхдүүдийнхээ янз бүрийн зэвсгээр дадлага сургуулилалт хийж буйг харуулсан дүрс бичлэгийг хавсаргажээ.
Хүүхдүүд нь багаасаа бэлтгэгдсэн тул жинхэнэ дайн тулаанд сурсан эрдмээ харуулах цаг болсныг энэ үеэр тэр хэлсэн байна.Дайн мөргөлдөөнд 18 нас хүрээгүй хүүхдийг шууд оролцуулахыг хориглосон НҮБ-ын гэрээнд ОХУ нэгдсэн байдаг.15 нас хүрээгүй хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд албадан оролцуулахыг Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүх дайны гэмт хэрэгт тооцдог юм.
Гэхдээ Кадыровт ОХУ-ын хууль үйлчилдэггүй, Чеченийг зөвхөн өөрийн үзэл бодолд нийцүүлж захирдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг.
Украин дахь Оросын армийн ухралт Кадыровыг ихээр бухимдуулж буй нь түүний сошиал хуудсандаа нийтэлж буй зүйлсээс харагдаж байгаа. Саяхан тэр Оросын генералуудыг фронтын тэргүүн шугамд зэвсэг бариулан илгээх, Украины армийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх хүртэл эрс хатуу арга хэмжээ авахыг Кремлийн удирдагчдад уриалж байв.
Эх сурвалж: BBC