Д. Сумъяабазар: Зам тавиад түгжрэлийг шийдэж чадахгүй

Нийслэлчүүдийн  бухимдлын гол шалтгаан болчхоод байгаа түгжрэлийн асуудал дорвитой шийдэл,  гарцгүй хэвээр. Иргэд олон нийт нийслэлийн удирдлага,  Засгийн газрын шинэ бүтцэд орж ирсэн Түгжрэлийн асуудал эрхэлсэн сайдаас түгжрэлийг бууруулах чиглэлээр ойрын хугацаанд ямар арга хэмжээ авах вэ  гэх асуулт тавьж, гарц шийдэл гаргахыг  шаардсаар байна.

Өнөөдөр Хотын дарга Д.Сумъяабазараас  сэтгүүлчид дээрх асуудлаар мэдээлэл хүсэж, асуулт тавьсан юм.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад  “Түгжрэл нь хүн амын хэт их нягтаршилтай салшгүй холбоотой. Нийгэм, эдийн засгаа дагаад хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдийн шилжих хөдөлгөөн, түр оршин суух эрхийг нь хүндэтгэж үзэх ёстой. Тэднийг хотод ирүүлэхгүй гэх эрх  байхгүй.

Бас Улаанбаатар хотын даацтай холбоотой асуудал хөндөгдөнө. Манай хот  400-500 мянган хүн амьдрах даацтай. Жишээ  нь Улаан-Үүд, Эрхүү хотын хөгжлийн функцтэй ижил.  Түгжрэлийг өнөө маргаашдаа шийднэ гэж ард түмэндээ худлаа ярьж чадахгүй, үнэнийг шударгаар хэлэх үүрэгтэй. Төлөвлөлтөөс үүссэн 30 жилийн асуудлыг 3 жилийн дотор шийднэ гэж ярих нь буруу ойлголт үүсгэнэ. Төрийн бодлого, Улаанбаатар хотын нягтаршил, төлөвлөлттэй холбоотой асуудлыг зохицуулж байж түгжрэлээс сална. Түүнээс биш зам тавиад түгжрэлийг шийдэх боломжгүй. Бодлогын түвшинд онцгойлон анхаарч ажиллах ёстой.

Хот хөдөөгийн тэнцвэрийг хадгалах бодлого чухал. Түгжрэлийг жилийн дотор шийднэ гэж ярихаас илүү  УИХ, Засгийн газрын түвшинд хот, хөдөөгийн тэнцвэрийг хэрхэн яаж хангах вэ, татварын зөв зохицуулалттай хэрхэн уялдуулах вэ гэдэгт ач холбогдол өгөх хэрэгтэй” хэмээн хариуллаа.

С. Дана

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *