|

BBC: Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнаар Францын зохиолч Анни Эрнод тодорлоо

Стокхолм хотноо утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг зарлалаа. Энэ оны Нобелийн шагналыг Францын зохиолч Анни Эрнод олгожээ.  Эрно сүүлийн жилүүдэд энэ шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн тоонд нэг бус удаа бичигдэж байсан юм.

Анни Эрно 1940 оны есдүгээр сарын 1-нд Лилльбонн хотод төржээ. Түүний анхны роман 1974 онд хэвлэгдсэн байна. Эрногийн бүх бүтээлд бага нас, нийгмийн карьер, гэрлэлт, эх хүн болсон, өөрийн бэлгийн амьдрал, үр хөндөлт, хөхний хорт хавдар, өвчин эмгэг, ээжийнх нь үхэл зэрэг намтар түүх нь ямар нэг талаар тусгагдсан байдаг. Тэрбээр 20 гаруй ном бичжээ. Эрногийн хувийн дурсамжийг үе үеийн хамтын ой санамжид шингээсэн романууд нь тухайн үеийн бодит гэрч юм. Зохиолчийн хэлснээр бол тэрбээр уламжлалт төрлөөр бүтээл туурвихыг илүүд үздэггүй, харин өөрийгөө илэрхийлэх өөрийн гэсэн хэлбэрийг хайхыг илүүд үздэг.

Энэ жил “бүүкмейкерүүдийн” гаргадаг Нобелийн шагналтнаар тодрох хамгийн өндөр магадлалтай зохиолчдийн жагсаалт төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд Францын зохиолч Мишель Уэльбек болон Мариз Конде, Японы зохиолч Харуки Мураками, Канадын яруу найрагч Анн Карсон болон зохиолч Маргарет Этвүүд нар багтаж байв.

Мөн саяхан халдлагад өртсөн Энэтхэг гаралтай Британийн зохиолч Салман Рушди, Украин дахь дайныг эсэргүүцэгч, Оросын зохиолч Людмила Улицкая нарт илүү их анхаарал хандуулж байлаа.

Дайнтай салшгүй холбоотой өөр нэг нэр дэвшигч бол Украины зохиолч Сергей Жадан юм. Яруу найрагч, зохиолч, идэвхтэн Жаданг энэ оны гуравдугаар сард нэр дэвшүүлжээ. Түүнийг Польшийн шинжлэх ухааны академи дэвшүүлсэн байна. “Яруу найрагчийн хувьд түүний дуу хоолой олон жилийн турш украинчуудад онцгой ач холбогдолтой байж ирсэн. Чөлөөт Украин орон Жаданы үгээр олон талаар ярьж, сэтгэж, түүнийг анхааралтай сонсдог” гэж Польшийн шинжлэх ухааны академи мэдэгджээ.

Өнгөрсөн оны утга зохиолын Нобелийн шагналыг орчин үеийн Танзани улсын бүрэлдэхүүнд ордог Занзибар арлын зохиолч Абдулразак Гурна хүртсэн билээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments