Х.Янжингаажид шүүхэд ялсан гэх мэдээллийг няцаав
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын эхнэр давж заалдах шүүхийн шатанд ялсан хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн нь олны анхаарал татаад байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргаснаа тайлбар хийж сайтдаа байршуулжээ.
Тайлбарт: “Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас “Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдсон байна” гэжээ.
Гэр бүлийн хуулиийн 7-р зүйл
“7.1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл гэр бүл болох иргэд өөрийн биеэр холбогдох байгууллагад очиж, хүсэлтээ гарган, гэрчтэй байх ёстойг ийнхүү хуульчилсан. Гэтэл гэрлэлтээ батлуулсан гэх Т.Ганболд, Х.Янжингаажид нар тухайн хугацаанд Монголд байгаагүй нь нотлогдсон аж. Өөрсдөө биеэр байгаагүй үед хэн хүсэлт гаргаж, яаж бүртгүүлсэн нь тодорхойгүй байсан учир Т.Ганболд хууль зөрчсөн энэ үйлдлийг эсэргүүцсэнээр УБЕГ-аас Ажлыг хэсэг гарган шалгаж ажилтнууд нь гэм буруутайг тогтоож, хууль бус гэрлэлт гэдгийг нотолж хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон дүгнэлт үйлдэхдээ процедурын алдаа гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй гэж үзсэнээ тайлбарлажээ. Түүнээс Х.Янжингаажидын олон нийтэд бичсэнчлэн тэдний гэрлэлт хууль ёсны гэж тогтоосон шийдвэр огт биш аж. Нэг зүйлийг онцлоход Т.Ганболд гэр бүл байгаагүй, миний хүүхдүүд биш гэж зарга үүсгээгүй. Харин Гэр бүлийн хуульд заасан ёсоор гэрлэлтийн бүртгэл үйлдээгүй, салсны дараа гэнэт бүртгэгдсэнд эсэргүүцэн шүүхэд хандсан юм байна.
Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлт бүртгүүлсэн нь хууль бус гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогддог аж. Батлуулсан гэх өдөр тэд Монголд байгаагүй, холбогдох архивын баримт огт байдаггүй. Харин тэр дугаарт өөр иргэдийн бүртгэл байдаг нь маш ноцтой юм. Түүнээс гадна “хүний гуйлтаар” хууль бус үйлдэл хийсэн гэдгээ Улсын бүртгэгч нар нь АТГ-т мэдүүлжээ.
Энэхүү хэрэгт нэр холбогдоод байгаа улсын бүртгэгч нарыг АТГ-т шалгаж байгаа бөгөөд хууль бус үйлдлээс болж хэд хэдэн хүн эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байна.