МИАТ: Ерөнхий сайдын айлчлал 9-р сард төлөвлөгдсөн учир бүх зорчигчдоо мэдэгдсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын нислэгтэй холбоотойгоор нэгэн иргэний бичлэг цахим орчинд гарч манай мэдээлийн сайтууд мэдээлжээ.
Энэ талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодруулахад “Ерөнхий сайдын нислэг есдүгээр сарын сүүлээр төлөвлөгдсөн. Тиймээс бид нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж бүх зорчигчдодоо мэдэгдсэн. 10 дугаар сарын 04-ний өдөр бүх хүмүүст мэйл очсон.
Цаашлаад манай дотоод журамд нислэгийн хуваарьт өөрчлөлт орвол дамжин нисэх зорчигчдынхоо зохицуулалтыг хийж өгдөг. Тухайн нислэгээр 30 гаруй иргэн дамжих байсан. Тухайн иргэдэд билетийг нь сольж өгсөн. Ер нь нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд заавал мэдэгдэж зохицуулалт хийдэг. Мэдээлэл очихгүй байна гэж байхгүй.
Дамжин нисэх хүмүүс рүү ч утсаар холбогддог. 217 зорчигч бүгд эерэгээр хүлээж авч ойлгосон. Бухимдалтай байгаа иргэний хувьд Франкфуртэд буух билеттэй ч Берлинд буухыг хүссэн гэх мэт асуудлууд гарсан юм байна” гэх хариулт өгчээ.