НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ыг буруушаасан тогтоол баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх гэсэн ОХУ-ын оролдлогыг буруушаасан тогтоолыг олонхийн саналаар баталлаа. Тогтоолын санал хураалтад 143 орон оролцсоноос БНХАУ, Монгол, Энэтхэг зэрэг 35 орон түдгэлзэж Сири, БНАСАУ, Никарагуа, Беларусь улсууд эсрэг санал өгчээ.
НҮБ булаан эзэлсэн бүс нутагт бүх нийтийн санал асуулга явуулсан нь хууль бус гэж үзэж Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэсэн шийдвэрээ цуцлахыг ОХУ-аас шаардлаа. Хэдийгээр энэ тогтоол нь бэлгэдлийн шинжтэй ч ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Оросын эсрэг явуулсан томоохон санал хураалтад тооцогдож байгаа аж.
Газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлын төлөө саналаа өгсөн 143 оронд талархаж байгаагаа Украины Ерөнхийлөгч илэрхийллээ. “Газар нутгийг нь өөртөө нэгтгэхийг оролдсон Оросын үйлдлийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг энэ санал хураалт харууллаа. Украин улс газар нутгаа бүгдийг нь эргүүлэн авах болно” гэж Зеленский твиттертээ бичжээ.