Л.Оюун-Эрдэнэ: Нислэгийн чиглэл өөрчилсөн нь 800 орчим сая төгрөгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад айлчилж байгаа билээ. Түүний айлчлал энэ сарын 12-нд эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд ХБНГУ-ын нийслэл Берлин рүү МИАТын онгоцоор ниссэн. Гэвч Улаанбаатар-Франкфурт чиглэлд нисэх хуваарьтай байсан онгоцоор эхлээд Берлинд газардаад дараа нь Франкфуртад иржээ.
Хуваарьт цагаас хоёр цаг хоцорч газардсан, зорчигчдын ачаа саатсан тул Франкфуртаас цааш дамжин нисэхээр төлөвлөсөн иргэдийн зарим нь онгоцноосоо хоцорсон тул иргэдийн хувьд бухимдаж буйгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн. Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид МИАТ-ийн онгоцоор ирэхдээ шүүмжлэлд өртсөн. Уг нь 800 орчим сая төгрөгийн зардлыг 40 сая төгрөг болгож хэмнэсэн юм. Бид мэдээлэлдээ ойлголтын зөрүү гаргасан. Гэхдээ иргэдийн хандлага зөв учраас энэ бол бухимдах зүйл биш. Яагаад гэвэл чартер нислэгээр ирдэг байсан соёлыг энгийн байдлаар зохицуулдаг болж байна” гэжээ.
Мөн МИАТ компани гаргасан мэдэгдэлдээ “Нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй. Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан, зорчигч тухай бүрт энэ сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн
мэдээллийг баталгаажуулж өгсөн” гэснийг тодотгосон.
800 д нь юу юу багтах вэ.