NETFLIX: Шинэ үйлчилгээний сарын хураамжаа $7-оор тогтоожээ
Дэлхийн видео стриминг үйлчилгээний томоохон тоглогч Нэтфликс компани хямд үнэтэй, сурталчилгаа үзүүлдэг үйлчилгээний хувилбараа зах зээлд нэвтрүүлэхээр болсныг өчигдөр зарлажээ.
Арван нэгдүгээр сарын 3-ны өдрөөс дэлхийн хэд хэдэн оронд нэвтрэх энэ үйлчилгээний сарын хураамж АНУ-д $7 байх гэнэ. Нэтфликсийн хамгийн их хүн хэрэглэдэг үйлчилгээний ангилал сарын $15.5-ын хураамжтай байдаг.
Сурталчилгаатай үйлчилгээний ангилал АНУ-аас гадна Австрали, Бразил, Канад, Франц, Герман, Итали, Япон, Өмнөд Солонгос, Мексик, Испани, Их Британид нэвтрэх юм байна.Шинэ үйлчилгээний хэрэглэгчид цаг тутамд 4-5 минутын сурталчилгаа үзэх нөхцөлтэй байх гэнэ. Бас сүлжээгүй орчинд үзэхийн тулд видео контентыг төхөөрөмж дээрээ татах (download) боломжгүй байх ажээ.
Үүнээс гадна зарим контентуудыг лицензийн хязгаарлалтын улмаас сурталчилгаатай үйлчилгээний хэрэглэгчид үзэх боломжгүй байх юм байна. 15 жилийн настай Нэтфликс компани өнөөдрийг хүртэл бүх үйлчилгээгээ зар сурталчилгаагүйгээр хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн юм.
Гэвч одоогоос зургаан сарын өмнө сурталчилгаатай хямд үйлчилгээний ангилал гаргахаар болсноо зарласан нь өнгөрсөн онд тус компани түүхэндээ анх удаа хэрэглэгчийн тооны бууралт үзсэнээс болж байв.
Хэрэглэгчийн тоо нь буурсан тухай мэдээ гарсны дараа Нэтфликсийн зах зээлийн үнэлгээ нь $200 орчим тэрбумаар буураад байгаа. Өчигдрийн мэдэгдлийн дараа Нэтфликсийн нэгж хувьцааны үнэ өссөн ч өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын оргил үеийн ханшийн гуравны хоёр орчимд хэлбэлзэж байна.
Энэ оны эхний хагасын байдлаар Нэтфликсийн хэрэглэгчийн тоо 221 сая орчимд хүрчээ.Сүүлийн жилүүдэд видео стриминг бизнесийн зах зээлд өрсөлдөөн эрчимжиж, Amazon, Apple, Walt Disney зэрэг бусад том тоглогчид ч бас сурталчилгаатай, хямд үйлчилгээний ангилал гаргахаар ажиллаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: Associated Press