“Миний хүүхдүүд бахархал болсон албаа эрхэмлэж яваарай”
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд 2022 оны хоёрдугаар ээлжээр татагдан, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нартаа энэ өдрүүдэд хүндэтгэл үзүүлж байна.
Зэвсэгт хүчний 167, 256 дугаар ангийнхан гэхэд 10 дугаар сарын 14-ний өдөр хугацаат цэргийн алба хаагчдаа Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулж, анги, хамт олноороо баяр талархлын үг дайж, хамтдаа дуулж, бүжиглэв.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Х.Лхагвадорж удахгүй халагдах гэж буй хугацаат цэргийн алба хаагчдад хандан “Эрхэм байлдагч,түрүүч нартаа юуны өмнө баяр хүргэе. Та бүхэн эх орон, тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй, цэргийн алба гэдэг ямар сайхан орчин бэ гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэгт итгэж байна. Амьдрал дээр нэгэндээ дэмтэй, ойр дотно яваарай гэж дүү нартаа захья. Цэргийн гэрээт албанд улирах боломж та бүхний өмнө нээлттэй” гээд зарим түрүүч, байлдагч нарт цол олгож, ЗХЖШ-ын дарга болон Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар зарим тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдад “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин”, “Онц буудагч” тэмдэг, ар гэрийнхэнд хүргэх талархлын захидлуудыг гардуулан өглөө.
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Гүрбадам танкийн тусгай хороонд алба хаасан дайчдадаа “Та бүхнээр үнэхээр бахархаж байна. Эр хүн байхын утга учир нь эх орондоо алба хаах бөгөөд энэ үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн эрхэм түрүүч, байлдагч нартаа баяр хүргэе. 101 жилийн алдар түүхтэй ангид та бүхний цэрэгжлийн спортоор гаргасан амжилтаар бид үргэлж бахархаж байх болно.
Цэргийн албанаас сурсан эрдэм мэдлэг, ур чадвар, төлөвшил хүмүүжлээ гээж орхилгүй амьдралдаа зөв хэвшил, дадал болгоорой. Хэдий та бүхэнд цэргийн эрдэмд шамдсан завгүй нэг жил болж өнгөрсөн ч цэргийнхэн бид аав шиг, ах шиг, ээж шиг тань үргэлж хайрлаж явснаа хэлмээр байна. Анги, хамт олныхоо өмнөөс аав, ээж, ахан дүүстээ мэнд уламжлаарай. Миний хүүхдүүд амьдралынх нь тод дурсамж болон үлдсэн эрхэм албаараа үргэлж бахархаж яваарай” хэмээн захилаа.
Үргэлжлүүлэн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр аян замын ерөөл өргөж, анги, хамт олноороо түрүүч, байлдагч нартаа сэтгэлийн үгээ дайж, дурсгалын зүйл гардуулан өгч, амжилт хүслээ.