С.Энхболд: Эмч, эмнэлгээс ёс зүйн зарчмуудыг зөрчвөл асуудлыг илрүүлж хариуцлага тооцно
“Өргөө” амаржих газар гэлтгүй эмнэлгүүдийн үйл ажиллагааны доголдол, ажилчдын ёс зүйн асуудал ард иргэдийн дунд гол сэдэв болоод буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад байгаа уг асуудлаар Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрээр: “Өргөө” амаржих газар, “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаа нь доголдсон гэх шалтгааны улмаас энэ газруудыг Эрүүл мэндийн яамны харьяа болгосон. Яамны харьяанд Ж.Энхцэцэг 9 сар ажилласан. Энэ хугацаанд ёс зүйн асуудал ажилчдаас нь гарсан бөгөөд ажилчид нь дарамттай, айдастай байгаа. Бидэнд мэдэгдэж байгаа нэгхэн хэсэг нь энэ. Чанарын хувьд ч, хөрөнгө оруулалтуудыг ч гэсэн нэмэгдүүлж илүү анхаарч ажиллаж байгаа. Ёс бус үйлдэл, ямарваа нэгэн доголдол анзаарагдвал асуудлыг илрүүлж хариуцлага тооцно. Эрүүл мэндийн яамны зүгээс дотоод аудитын шалгалтууд хийгдээд явж байгаа.
Хэвлэл мэдээллээр яваад байгаа бичлэгийн хувьд 2021оны бичлэг. “Өргөө” амаржих газар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байсан. Ж.Энхцэцэг захирал эмчлүүлэгчийн дэргэд албан хаагчдаа загнадаг нь өөрөө ёс зүйн дүрэм зөрчиж байгаа хэрэг. Өрөөндөө дуудаж шаардлагаа тавих, эсвэл эелдгээр хэлж ойлгуулж болох байсан. Хэлэх эрх нь байгаа, шаардлага тавих, зөвлөн заах эрх нь байгаа. Гэвч энэ үйлдлээрээ өөрийгөө ёс зүйгүй хүн гэдгээ харуулж байгаагийн илрэл гэж дүгнэж байна.
Энэ асуудалд миний эхнэр, найз нөхөд хувийн амьдралыг оролцуулж ард иргэдийг төөрөгдүүлэх нь буруу. Баримт нотолгоогүй зүйл цааш нь түгээхгүй байхыг хүсэж байна” хэмээн мэдээллээ.