Ерөнхий сайдын зүүсэн 78.7 сая төгрөгийн үнэтэй цаг барууны орны хэвлэлүүдийн анхаарлыг татжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2022 оны аравдугаар сарын 12-16-д албан ёсны айлчлал хийв.
Түүний эл айлчлал эхэлсэн өдрөөсөө олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байв. Тодруулбал, Ерөнхий сайдын суусан Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ын онгоц Берлинд саатаж, тус онгоцонд зорчиж явсан 300 зорчигч дараагийн нислэг, вагондоо хоцорсон талаар цахим сүлжээнд нийтэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Харин тэрбээр нислэгийн чиглэл өөрчилсөн нь 800 сая төгрөгийн зардлыг 40 сая болгосон хэмээн төсвийн мөнгийг хэрхэн хэмнэж байгаагаа тайлагнасан. Гэтэл хэмнэлт ярьсан Ерөнхий сайдын зүүсэн “Rolex” брэндийн 18 каратын цагаан алттай, 23,228 ам.долларын үнэтэй “Date Just” загварын цаг нь барууны орны хэвлэлүүдийн анхаарлыг татсан гэнэ. Түүний зүүсэн цаг өнөөгийн ханшаар 78.7 сая төгрөгийн үнэтэй аж.
Түүний хувьд 2019 онд өөрийн орлогоо 233 сая гэж мэдүүлсэн. гэр бүлийн орлого нь 14 сая. Түүнчлэн 244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай. 28 саяын хайландер машинтай. 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай. 60 саяын үнэт эдлэлтэй. Херо энтертайнмент групп ХХК 50 хувь , Хүлэг контент ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байжээ.