“Шар дарцаг” аян эхэллээ
НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Аяныг аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг дуустал нэг сарын хугацаатай нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.
Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм.
Тус аянтай холбогдуулан НЗДТГ нь нийслэлийн ерөнхий боловсролын 400 гаруй сургуулийн захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч, танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцон, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1291 дүгээр захирамжийг уншиж танилцуулсан юм.
Түүнчлэн зам тээврийн осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын харьяа Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир танилцуулж, “Шар дарцаг” аяны талаарх холбогдох мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр, В.Баттулга нар өглөө.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР