Х.Лхагвасүрэн: Осолд орсон цэргүүд энэ жилдээ өнжье гэвэл өнжүүлэх арга хэмжээг газар дээр нь шийднэ
Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэрэгт татаж явсан цэрэг тээврийн машин хажуулдаж унасан талаарх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Тэрээр, “Өчигдөр 14:00 цагийн үед 306-р анги Хэнтий аймгаас цэрэг татаад явж байхад Түмэнцогт сумаас 40 км зайд зам тээврийн осол гарсан. Осол гарсан шалтгаан нь машины рулийн аппарат хагарч, машин хажуулдсан. Машинд явж байсан хүмүүсээс 4 цэргийн толгой хагарч, хоёр нь гэмтэл авсан байна. Урьд шөнө манай яаралтай тусламжийн баг газар дээр нь очиж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг дээр үзлэг хийж хоёр цэргийн албан хаагч хүзүүндээ зөөлөн эдийн гэмтэл авсан. Эмнэлгээс бусад цэргүүд зүгээр байна гэсэн хариу өгсөн. Цэргүүд Фаб гэх 2008 онд ашиглалтанд орсон машинтай явж байсан. Мөн хэвлэлээр гараагүй ч өнгөрсөн Ням гаригт манай бас нэг Фургон машин Баянлиг суманд явж байгаад хажуулдсан. Дотор нь явж байсан цэргүүд гэмтэл аваагүй ч энэ осол мөн үү мөн. Цэрэг татах ажил маш хариуцлагатай ажил. Тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүйн улмаас аймаг хооронд тээвэр компаниудтай харилцан тохиролцож байна. Хилийн заставууд дээр машин тэрэгний асуудал хүнд байгаа. Сүүлийн жилүүдэд бага багаар шийдэж байна. Манайх 170 гаруй заставтай. Сая болсон хэрэгтэй холбоотой дотоод хяналт шалгалтаа сайжруулах, холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авах зэргээр ажиллаж байна. Замын бартаа саад таарсан хурд хэтрүүлээгүй зөөлөн явж байсан. Цэргүүдийг зөөвөрлөхдөө 2 цаг тутамд зогсож амрах, 4 цаг тутамд хооллох зэргээр замд авч явдаг. Сум суурин газар бараадуулан амраадаг. Манайх нийтдээ 1200 гаруй машинтай, хамгийн эртнийх нь 1990-ээд оных,13-14 жил ашигласан машинуудыг гайгүй гэж үзэж байгаа. Цэргүүдийн эцэг эхчүүдэд мэдэгдэж, эмнэлэг дээр ирсэн. Цэргүүд үргэлжлүүлэн алба хаана гэвэл хаалгана. осолд орсон учраас айдастай байгаа өнжье гэвэл өнжүүлэх арга хэмжээг газар дээр нь шийднэ” гэлээ