Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зорилгодоо хүрсэн тул зогсоож байгаагаа мэдэгдлээ
Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зорилгодоо хүрсэн тул зогсоож байгааг Москва хотын захирагч Сергей Собянин өчигдөр зарлажээ.
“Москва хотын цэргийн комиссын мэдээлснээр ерөнхийлөгчийн зарлиг, батлан хамгаалах яамны журмын дагуу зохион байгуулсан цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зорилгодоо бүрэн хүрсэн байна” гэж сошиал хуудсандаа бичсэн Собянин өчигдөр өдрийн 2:00 цагаас эхлэн тус хотын цэрэг татлагын байрууд хаагдаж байгааг мэдээлсэн байна.
Есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн хэсэгчилсэн дайчилгаа ОХУ даяар эхэлж байв. Тус улсын батлан хамгаалах яам энэ удаа 300,000 бэлтгэл хүчийг Украины фронтод дайчлах зорилготой байсан юм.
Сүүлийн байдлаар 222,000 орчим иргэн зарлан дуудах хуудас хүлээж авсан тухай албаны тоо баримт байна. Өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр долоо хоногийн дараа дайчилгааг зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байв.
Эх сурвалж: ТАСС