УИХ-ын дарга Г.Занданшатарын тэнэглэлүүд
Өнгөрөгч амралтын өдрөөр УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, иргэдийг мод тарихыг уриалсан өөрийн дүртэй, 35 секундийн анимейшнийг цахим сүлжээнд нийтэлсэн. Гэвч тусыг эс олж, эерэг зүйлд уриалсан агуулгатай бүтээл нь сөрөг хандлага дагуулсан.
Учир нь Монгол улсын эдийн засаг өдрөөс өдөрт доройтож, иргэд нь хүнсний дэлгүүрээс “Атар” талхаа хувааж авч, сургуульд үдийн хоол идэхийн тулд явдаг хүүхэд багачуудын тоо нэмэгдэж байхад УИХ-ын дарга төсвийн мөнгөөр өөртөө анимейшн нь хийх нь “ТЭНЭГЛЭЛ” хэмээж байв.
Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар дахиад л “бодлогогүй тэнэг” гэмээр үйлдэл гаргаж, шүүмжлэлд өртөж эхэлжээ. Тодруулбал, тэрбээр Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийхдээ тус улсын Үндсэн хуулийн шүүхийн шинэ гишүүний тангараг өргөх ёслолд хүндэт зочноор уригдан оролцжээ. Энэ тухай өөрийн цахим хуудаснаа бичихдээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн улсынхаа нэрийг буруу бичсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь болж, УИХ-ын даргын албан тушаалыг хашдаг эрхэм өөрийн эх орны нэрийг буруу бичсэн нь алдаа гэхэд багадмаар.
Эргэн сануулахад, улс төрийн ууган хүчин гэгдэх МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байх үеэрээ Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөж буй хүндэт харуулын алхаатай хөл нийлүүлэн хөлөө өргөж алхсан нь тухайн үедээ мөн л олны шүүмжлэлийг дагуулж байв. Хийсэн бүтээснээрээ бус хий дэмий алдаагаараа ард түмний танил болсон УИХ-ын дарга Г.Занданшатар энэ мэт санаатай, санаандгүй элдэв үйлдэл хийж олны анхаарлыг татаад дасал болж дээ.