“Хүнд бэртэл авсан зургаа нь эмнэлэгт эмчилгээ хийлгээд бусад нь байцаалт өгч байгаа”
Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр/2022.10.17/ Түмэнцогт сумын ойролцоо осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд 17 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан гэх мэдээлэл байна. Тэдний зургаа нь ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар тухайн ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн цэрэг хэвлэлийнхэнд яриа өгчээ. Тэрбээр, “Замд унтаад явж байхад гэнэт осол болоод өнгөрсөн. Миний толгой эргээд юу болоод байгааг мэдээгүй. Би унасан талынх нь эсрэг талд сууж байсан болохоор шидэгдэж унасан. Бид хэдээс зургаа нь бусдаасаа арай хүнд бэртсэн гээд эмнэлэгт хүргэгдээд шаардлагатай эмчилгээг хийлгэж байна. Бусад нь Түмэнцогт дээр байцаалт өгч байгаа” гэжээ.
Харин осолд орсон цэргийн ар гэрээс “Ямар сайхан хөвгүүд цэргийн алба хаахаар баярлаж хөөрөөд явлаа. Гэтэл хэдхэн цагийн дараа хүүхэд тань осолд орчихлоо гэхэд ээж аав нарт маш хүнд цохилт боллоо. Гол нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг л бодох чухал. Ер нь бол хариуцлагагүй л байна. Яагаад осол гарсныг удахгүй тодорхой мэдэх байх” хэмээн мэдээлэл өгчээ.