“НОГООН МОНГОЛЫН ТӨЛӨӨ” үндэсний компанит ажлын нээлт боллоо

2022 оны 10 сарын 18-ны өдөр байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны чиглэлээр ажилладаг байгууллага, төсөл хөтөлбөрүүднэгдэж “Ногоон Монголын Төлөө” үндэсний кампанит ажлыг хэрэгжүүлэхээр Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурлаа.Тус кампанит ажлын оролцогч байгууллагууд нь төрийн, төрийн бус, судалгаа шинжилгээний болон донор байгууллагууд болно. Оролцогч талууд хамтран байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааг бодлого боловсруулагчид, хүүхэд залуучууд, орон нутгийн иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой. Энэ хүрээнд оролцогч байгууллагууд мэдээлэл, сургалт сурталчилгааны материалууд, арга аргачлалаа нэгтгэн харилцан солилцож ашиглах ажлуудыг хийж эхлээд байна. Тус ажлын хүрээнд хөгжүүлэн гаргасан цахим хуудас, Facebook групп, YouTube суваг нь оролцогч талуудтай хамтран ажиллах, туршлагаа солилцох талбар болох юм.

Кампанит ажил нь тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль хамгаалахад тулгарч буй улс төрийн хүсэл сонирхол сул, санхүү, хүний нөөцийн дутмаг байдал, олон нийтийн мэдлэг мэдээлэл бага, бэлчээр талхагдал, байгалийн нөөцийн хэт ашиглалт,даацаас хэтэрсэн аялал жуулчлал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

Герман Монголын хамтын ажиллагааны SPACES төслөөс байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны гарын авлагууд, арга хэрэгслүүдийн багц, гадаа талбайд зохиох арга хэмжээ удирдамж, видео, комикууд, вэбсайт хөгжүүлэх зэрэг ажлуудыг санаачлан санхүүжүүлээд байна. Мөн кампанит ажлын хүрээнд нийт 26 ангит, анги бүр нь 12-15 минут үргэлжлэх цуврал радио драмыгтөслөөс санаачлан хийж эхлээд байна. Радио драм нь 2022 оны 12 сараас эхлэн орон даяар цацагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд долоо хоног бүр 30-60 минутын радио нэвтрүүлгийн үеэр олон нийтийн болон бусад радиогоор дамжуулан олон нийтэд хүрэх юм. Тэрчлэн SPACES болон хамтрагч талуудын зүгээс өмнө нь гарсан болон шинээр боловсруулах хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны бүтээгдэхүүнүүд нь кампанит ажлын вэбсайтад тавигдаж бүх нийтийн хүртээл болох юм.

SPACES төслөөс “Ногоон Монголын Төлөө” кампанит ажлын гарааны бүхий л үйл ажиллагааг дэмжин явуулж байгаа бол бусад хамтрагч талуудын зүгээс хэвлэл мэдээллийн материалуудаа хоорондоо хуваалцах, кампанит ажлын цахим хуудас, Facebook, YouTubeсувгийг бусдад түгээх зэргээр хувь нэмрээ оруулж ажиллана. Тус санаачилга нь түншлэлийн загвар дээр суурилсан, бүх оролцогч талууд ижил тэнцүү эрхтэй, үүрэг хариуцлагаа харилцан хувааж гүйцэтгэхээр тохиролцсон. Ингэснээр энэ чиглэлээрх ажлыг хамтын хүчээр урагшлуулж, түгээн дэлгэрүүлж, өртөг зардлаа хэмнэхэд үр ашигтай байх болно.

Кампанит ажил нь Монгол орны ТХГН-ийн хүрээнд 2022-2024 оны Байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны үндэсний стратегийг (БОМССС) хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм. Уг стратегийг SPACES төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газартай хамтран боловсруулж 2022 онд шинэчилсэн.

SPACES төслийг Герман – Монголын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ), Европын холбооны хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *