Тангаргаасаа няцсан Д.Сарангэрэлийг  УИХ-ын дэд даргын суудлаар шагнах уу?

Салбарын бодлогоо танилцуулахдаа  ядуу айл өрхөө “УЛНЫ” гэж тодотгосон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “дааганаас  биш дарвагараасаа” болж   огцорсон. Огцорсон ч гэж дээ, Ерөнхий сайд захирамж гарган огцруулсан. 

Улмаар өнгөрсөн долоо хоногт ХНХ-ын сайдаар УИХ-ын  гишүүн Т.Аюурсайханыг томиллоо. Эл үйл явдалтай зэрэгцээд дараагийн УИХ-ын дэд  дарга хэн байх вэ гэдэг асуулт гарч ирэв. 

“УЛНЫ гэдэг үг  надтай хамт яамнаас явсан” хэмээн байнгын хорооны  микрофоноор баахан загнасан Д.Сарангэрэлийн улстөр дуусаагүй бололтой. Тэрээр   УИХ-ын дэд даргын суудалд санаархаж, ил далд энэ сонирхлоо илэрхийлж яваа гэх. 

Саяхан л “УЛНЫ” гэх  үгэндээ уучлал гуйж, хүлцэл өчиж асан эрхэм гишүүн Д.Сарангэрэл хэдхэн хоногийн  дараа “Үг хөөхөөр үхэр хөө”  хэмээн зандарсан нь ийм учиртай байж ч мэдэх. Тэр  албан тушаалын одтой, нам дотроо нөлөөтэй байж болно л доо.

Гол нь түүнийг УЛНЫ гэх үгээр огцруулснаас улбаатай УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх  нөхцөл үүссэнийг эргэн саная. 

Тодруулбал,  Ерөнхий сайдын гаргасан  захирамж нь хууль зүйн үр дагаврын хувьд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцлийг нэгэнт бүрдүүлсэн байх  үндэслэлтэй. 

Ерөнхий сайдын захирамжид “… Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлийг гаргасан …буюу   Үндсэн хуулийн 14, 19 дүгээр  зүйлийн холбогдох заалтуудыг дурдаад эдгээр зөрчлийг Засгийн газрын гишүүний хувьд, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд гаргасан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүнээс нь огцруулах”-аар шийдвэрлэсэн тухай дурдсан байдаг. 

Энэ үндэслэл нь түүнийг ганц сайдын суудлаас буугаад  зогсохгүй УИХ-ын гишүүнээс  эгүүлэн татах үндэстэй талаар дараах тайлбарууд явж буй. 

Тодруулбал, Д.Сарангэрэл нь УИХ-ын гишүүн болохдоо  дараах  тангарагыг өргөсөн. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн  7.2 -т  зааснаар  “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ”  гэж. 

Тэгэхээр Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайд, Засгийн газрын гишүүний ажлыг гүйцэтгэж байхдаа Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж Засгийн газрын гишүүнээс огцруулах захирамж гаргасан нь,   захирамжийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл хүлээн зөвшөөрсөн нь түүнийг  өргөсөн тангаргаасаа няцсан  болохыг  илтгэж байна. 

Үндсэн хуулийн 66.1.4-т зааснаар   УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу эсвэл тодорхой албан тушаалтнуудын хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэх зохицуулалттай.

Иймд, иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж эсвэл дээр дурдсан (тухайлбал, Улсын Их Хурал дахь цөөнх намын гишүүд гэх зэрэг) албан тушаалтнууд хүсэлт гаргаснаар Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл үүссэн эсэх талаарх дүгнэлт гаргуулах боломжтой. 

Гэвч “Хатан  ижий” өргөмжлөлт хатагтай Д.Сарангэрэл энэ бүхнийг үл тоон   УИХ-ын дэд  даргын суудалд тухлах санаархлаа гүйцэлдүүлэхээр  Төрийн ордноор  хурд мэдэн  гүйж яваа гэх.

Similar Posts

2 Comments

  1. Hey there! Would you mind if I share your blog with
    my myspace group? There’s a lot of folks that I think
    would really enjoy your content. Please let me know.
    Many thanks

    Here is my blog post; 토토일주

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *