Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна, түүгээр төмөр замын цариг барих тогтоолын төслийг өргөн барьж байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төмөр замын царигийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын даргад төмөр замын тогтоолын төслийг өргөн барьсан. Монгол Улс ямар царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийдэх заалттай. Энэ хүрээнд тогтоолын төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.УИХ-ын тогтоолгүй хэрнээ Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам тавьсан. Энэ нь өнөөдөр мухар зам болчхоод асуудал үүсгээд байгаа юм.
Уул уурхайн ордоос өргөн төмөр замаар бүтээгдэхүүн зөөхөд хил дээр очоод дахиад нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгөөр барих нөхцөл байдал бий болж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ийм их мөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна, түүгээр төмөр замын цариг барих тогтоолын төслийг өргөн барьж байна” гэлээ.
Түүнчлэн БНХАУ-ын төмөр зам нарийн царигтай, тэнд очоод өндрийг тогтоох, ачих, буулгах терминал барих зэрэг асуудал үүсэж байна. Өргөн барьсан тогтоолын төсөлд Булган, Шивээхүрэн, Бичигт, Ханги-Мандалын боомтод барих төмөр замуудад тухайн улс нь ямар царигтай байна, тэр царигаар барих ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байгааг тодотгов.