Л.Энх-Амгалан: МУИС руу шилжиж буй 300 гаруй оюутнаас түвшин тогтоох шалгалт авна
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан чанаргүй боловсрол олгон, дипломтой ажилгүйчүүд бэлддэг нэр бүхий хувийн их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоон, улсын сургуультай нэгтгэх шийдвэр гаргаад буй.
Харин эл шийдвэрийг МУИС-ын оюутнууд эсэргүүцэж, яамны гадна жагсаал хийсэн. Учир нь МУИС-ын босго оноо 650 онооноос эхэлдэг бол тус сургууль руу шилжин ирж буй Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн оюутнуудын босго оноо 450 онооноос эхэлдэг аж. Ийнхүү босго онооны зөрүүтэй байдлаас үүдэн МУИС-ын оюутнуудын сургалтын чанар муудна хэмээн тус сургуулийн оюутнууд үзэж байгаа юм.
Энэ талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, “МУИС-ын оюутнуудын тавьж байгаа шаардлагыг ойлгож байна. Тиймээс шилжин ирж буй оюутнуудаас түвшин тогтоох шалгалт авна. Үнэхээр Худалдаа үйлдвэрлэлийн сургуулиас шилжиж ирсэн 300 гаруй оюутнууд, МУИС-ын оюутнуудаас сурлагаараа ялгаатай байвал тусдаа сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Түүнээс МУИС, Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн оюутантай нэг ангид суралцахгүй гэдэг бол жинхэнэ утгаараа ялгаварлан гадуурхалт болно” гэв.