“Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль АН-ын дүрмийн эсрэг хийгдсэн”
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Ардчилсан намын дүрмийн эсрэг хийгдсэн хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол манай намын дүрмийн эсрэг санаатайгаар хийсэн хууль байгаа. Тийм учраас манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа гэдгээ ямагт санаж ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг баталж байхад хугацаа нь хэтэрхий давчуу байна гэдгийг удаа дараа илэрхийлж байсан ч МАН санаатайгаар баталсан.
Хуулийн ямар хайчинд байгааг тодруулбал, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа улс орон даяар гуравхан хоногийн хугацаанд өрнөнө. МАН бол дарга нараасаа сонгочихно. Манай нам бол жирийн гишүүдээсээ сунгаагаар сонгодог дүрэмтэй. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 30-ны өглөөгүүр намын нэр дэвшигчдийнхээ материалыг авна. Өдөр нь Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдээ бүртгэнэ. Үдээс хойш нь нэр дэвших эрхээ авсан хүмүүс мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Ингээд маргааш өдөр нь сунгааны санал хураалт явагдана. Нөгөөдөр нь намын Их хурал хуралдаад нэр дэвшигчийг батламжилна. Ийм гуравхан хоногтой. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн зүйл.
Ингээд тавдугаар сарын 2-5-ны хооронд нэр дэвших эрхээ авсан нэр дэвшигчийнхээ материалыг нам СЕХ‑нд өгнө. Харин СЕХ гурав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв татгалзсан тохиолдолд тухайн хүний материалыг засах хоёрхон хоногийг хугацаатай. Сонгуульд нөхөн нэр дэвших тухай асуудал огт байхгүй. Зөвхөн нэр дэвшигч нас барах эсвэл шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлнэ.
Маргалдагч талууд МАН-ын эрхэнд орж байна шүү дээ. Олон хүмүүс энэ хуулийг мэдчихээд мэдээгүй юм шиг зүтгэж байгаад харамсаж байна” гэж хэллээ.